“БЭЛЧЭЭР, ХАДЛАНГИЙН ТАЛБАЙГ САЙЖРУУЛАХ АРГА ЗҮЙ” ОРОН НУТГИЙН МЭДЛЭГ ХУВААЛЦАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Цэнхэрмандал сумын малчдад бэлчээр, хадлангийн талбайг олон наст таримлын үрээр баяжуулан тариалах замаар сайжруулах арга зүйг танилцуулах, улмаар Бэлчээрийн Мал Аж Ахуйн эрсдэл даван туулах чадавхийг бэхжүүлэхэд чиглүүлэх зорилгоор энэхүү зөвлөх үйлчилгээг зохион байгууллаа.
Зөвлөх үйлчилгээнд Цэнхэрмандал сумын Дэвжих өгөөж, Сэнгүр өгөөж, Тойны үзүүр, Сүжийн тал хоршоод болон Цэнхэрмандал сумын малчид нийт 150 хүн хамрагдсан. Өдөрлөгт оролцогчид бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, сайжруулах мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэв. Дэвжих өгөөж бүлэг нь өөрсдийн эзэмшлээр олж авсан шинэ газраа хагалж бэлтгэсэн, тэжээлийн таримлын талбайг 2 дахин нэмэгдүүлж 2 га талбайд хошуу будаа+гурвалжин будаа+вандуй холимог тариалахаар бэлтгэж байна. Үзүүлэх сургалтын үеэр 0,02 га талбайд өнгөц боловсруулалт хийж царгас+согоовор+өлөнгө тариалах арга зүйг зөвлөх С.Дүгэрсүрэн малчдад зааж сургахад хөтөлбөрийн баг хамтран ажиллав.
Хөтөлбөр хэрэгжиж буй орон нутагт малчдын мэдлэг, хандлага өөрчлөгдөж баг, сууриараа хоршин хамтарч, бэлчээрээ хамгаалах, сайжруулах санаачлага нэмэгдэж байна. Согоот багийн 10 малчин өрх нэгдэж, 10 га талбайд царгас, эрдэнэшиш тариалахаар, мөн тус багийн 5 малчин өрх нэгдэж, 3 га талбайд хошуу будаа+гурвалжин будаа+вандуй холимог тариалахаар, Баянмод багийн 2 малчин тус бүр 1 га талбайд хошуу будаа+улаанбуудайн холимог тариалахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Глобал Коммунитс ОУБ-ын орон нутагт явуулж буй зөвлөх үйлчилгээнд хөтөлбөрт хамрагдаж буй бүлэг, хоршоодын гишүүд, малчид, орон нутгийн удирдлагууд талархаж сэтгэл ханамжтай хүлээн авч байна.