СҮҮНИЙ САЛБАРЫН ОРОЛЦОГЧДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол улсын сүүний салбарын тогтвортой хөгжлийн зорилтууд, Дэлхийн сүүний өдөр тэмдэглэх үйл ажиллагаанд нэгдмэл байгаагаа илэрхийлэх зорилгоор Дэлхийн сүүний өдрийг угтан Сүүний салбарын зөвлөлдөх уулзалтыг 5 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулав.
Зөвлөлдөх уулзалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ийн ХХААБ, Европын холбоо, Монголын хүнсчдийн холбоо, Глобал Коммунитис Монгол байгууллага хамтран зохион байгуулсан бөгөөд сүүний салбарын 110 төлөөлөл оролцов.
Дэлхийн сүүний өдрийг анх 2001 онд Дэлхийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн байгууллагаас санаачлан зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр дэлхийн 70 гаруй улс орнууд жил бүр тэмдэглэдэг. 2019 онд олон улсад Дэлхийн сүүний өдрийг тэмдэглэх 180 гаруй арга хэмжээ бүртгэгдсэн байна.
Монгол улс сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, сүүний салбарын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд нэгдмэл байр суурьтай байгаагаа энэхүү уулзалтаар илэрхийлж байгаа юм. Дэлхийн сүүний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ ирэх 6 дугаар сарын 1-нийг дуустал үргэлжилнэ.