ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАН НЬ:
“Монгол Ус” ТӨҮГ нь Засгийн газрын 2011 оны 335 дугаар тогтоолоор хуучин усны газрын суурин дээр байгуулагдсан. Төрийн өмчийн хорооны 2012 оны 369 дүгээр тогтоолоор дүрэм журам, зохион байгуулалтын бүтцээ батлуулан үйл ажиллагаагаа явуулж байна.
МОНГОЛ УС ТӨҮГ НЬ:
Монгол Улсын Усны тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхийн газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиудад нийцүүлэн “Ус” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, усны нөөцийн менежмент хийх, төрийн эзэмшлийн болон төсвийн хөрөнгөөр баригдсан усны барилга байгууламж, түүний дотор усны байгууламж, толгойн байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах чиг үүрэг бүхий төрийн өмчит үйлдвэрийн газар юм.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
“Монгол Ус” ТӨҮГ нь Засгийн газрын 2013 оны 390 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай байгуулсан “Чиг үүргийг гүйцэтгүүлэх тухай” 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 16-018 дугаартай гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.
- Хоногт 100 шоо метрээс их ус ашиглах, эрчим хүч, усалгаатай газар тариалан, усан тээврийн зориулалтаар ус ашиглуулах дүгнэлт;
- Хоногт 50 шоо метрээс их хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид хаягдал ус зайлуулах тухай дүгнэлт;
- Голын гольдролыг өөрчлөх, урсацад тохируулга хийх, усны сан бүхий газрын ашиглалтын төсөлд мэргэжлийн дүгнэлт гаргах;
- Усны барилга байгууламж барих, ашиглах, судалгаа хийх, дүгнэлт гаргах;
- Хадлан, бэлчээр, тариаланг усжуулах инженерийн хийцтэй услалтын систем барих ажлын хайгуул, судалгаа, зураг төсөлд мэргэжлийн дүгнэлт гаргах;
- Хүн амын төвлөрсөн ус хангамж, ариутгах татуурга, усны нөөцөд тохируулга хийх, хуваарилах зориулалт бүхий барилга байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээг сайжруулах арга хэмжээ авах;
- Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын төлбөрийн хувь хэмжээ тогтоосон хүснэгтийн 10 дахь хэсэгт заасан үйл ажиллагаа буюу ашиг олох зорилгоор ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэний ашигласан усны төлбөрийг тооцох;
- Усны улсын төсвийн хөрөнгөөр газрын доорх усны эрэл хайгуул, судалгаа явуулж нөөц нь тогтоогдсон ордуудын нөхөн төлбөрийг тооцож, төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэх, усны нөөцийн ордуудыг боломжит нөөцийн хэмжээнд ашиглуулах, ус хангагчийн үүрэг гүйцэтгэх зэрэг чиг үүргүүд багтаж байгаа болно.