Мексикийн нэг хотын дарга биеэ хамгаалахын тулд цэргийн баазад амьдрах болжээ

Мексик улсын хилийн боомт Тихуана хотын дарга гэмт хэргийн бүлгүүдээс ирэх амь насанд нь халдах сүрдүүлэг нэмэгдсэнтэй холбоотойгоор цэргийн баазад амьдрах болжээ.
Засаг захиргааных нь явуулж буй тэмцэл ийм үр дагаварт хүргэснийг хотын дарга Монсеррат Кабалеро энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн байна.
“Бид үндэсний хэмжээнд гэмт хэрэгтнүүдээс хамгийн олон зэвсэг хураан авч, олон мянган этгээдийг баривчилсан учраас таныг төлөөлдөг хүн цэргийн баазад амьдрах шаардлагатай болж байна” гэж Кабалеро оршин суугчдадаа хандаж хэлсэн үгэндээ дурджээ.
Цэргийн бааз цаашид байнгын гэр нь болно гэдэгт итгэлтэй байгаагаа тэр бас хэлсэн байна.
Мексик улсын ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор хотын дарга цэргийн баазад амьдрах болсныг маргааш нь болсон хэвлэлийн хурлын үеэр баталсан юм.
Кабалеро цэргийн бааз руу нүүхээсээ өмнө төрийн тусгай хамгаалалтын дор амьдарч байсныг тэр бас мэдээлсэн байна.
Баха Калифорни мужийн захирагч Марина дел Пилар, сенатор Хайме Бонила зэрэг хүмүүсийн амь насанд бас Кабалерог сүрдүүлсэн гэмт хэргийн байгууллага заналхийлснийг ерөнхийлөгч сэтгүүлчидтэй уулзахдаа мэдээлжээ.
“Хотын дарга, мужийн захирагч, сенатор нарын амь насанд заналхийлсэн. Нөхцөл байдал бүрхэг байгаа хэдий ч өнгөрсөн хойно нь харамсахгүйн тулд аюулгүй байдлыг хангах хэрэгтэй гэж үзэж байна” гэж ерөнхийлөгч Лопез Обрадор ярьсан байна.
Дэлхийд гэмт хэргээрээ тэргүүлдэг Мексик улсад өнгөрсөн онд 31,000 орчим хүн аллагын хохирогч болсон юм. Энэ нь сүүлийн таван жил дараалан аллагын хохирогчийн тоо жил бүр 30,000 давсан тохиолдол байв. Энэ нь өдөр бүр 85 хүн бусдын гарт алагддаг гэсэн үг юм.
Эх сурвалж: CNN