Монгол улсын эрдэс баялаг уул уурхайн салбарын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөл, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци нь 1994 онд байгуулагдсан цагаасаа эхлэн гишүүдийнхээ хууль ёсны эрх ашиг, сонирхлыг төлөөлөн, тэдний дуу хоолойг Монгол улсын уул уурхайн салбар дахь төрийн бодлогод тусгуулахыг чармайн, эрдэс баялгийн салбарын талаархи хамгийн сүүлийн үеийн, үнэн бодит мэдлэгийг нийгэмд түгээж, эрдэс баялаг уул уурхайн салбарт урт хугацааны үр нөлөөтэй хамтын ажиллагааг бий болгох чиглэлээр хичээн ажиллаж ирлээ.
Монгол улсын болон олон улсын хайгуул, олборлолтын компани, корпорацууд, техник, тоног төхөөрөмж нийлүүлэгчид, үйлчилгээ үзүүлэгчид, банк санхүү, даатгалын болон боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагууд, мөн хувь хүмүүс манай гишүүнчлэлд багтаж байдаг. Түүнчилэн Монголын нүүрсний ассоциаци, Баяжуулагчдын холбоо, Геологичдын холбоо, Маркшейдерийн холбоо, Өрөмдлөгийн холбоо гм мэргэжлийн төрийн бус байгууллагууд болон АНУ-ын Азийн сан гэх мэт нийт гишүүн байгууллагуудаараа бид ямагт бахархаж байдаг.
МУУҮА нь Монгол улсын эрдэс баялгийн салбарт хувийн хөрөнгө оруулалтыг дэмжин татах зорилготой Дискавер Монголиа олон улсын уул уурхайн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг санаачилж, хамтран зохион байгуулж ирсэн.
Түүнчилэн Канад улсын хайгуул, олборлогчдын холбоо, Чайна Майнинг, Нортерн Майнер, Майнинг Журнал, Блумберг, Эйша Майнер зэрэг олон улсын нэр хүнд бүхий байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллаж Монгол улсын эрдэс баялгийн салбарын ирээдүйн боломж, бодит байдлыг олон улсад сурталчлан таниулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
МУУҮА нь Олборлох салбарын ил тод байдлын санаачилга болон Монгол улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үйл хэрэгт төр, төрийн бус байгууллага, олон нийт, олон улсын байгууллагууд зэрэг олон талт оролцогчдын оролцоог хангасан Хариуцлагатай уул уурхайн санаачилгыг санаачлагч идэвхитэй оролцогч тал нь болон ажиллаж байна.
Хариуцлагатай уул уурхайг эрдэс баялгийн салбарын аливаа үйл ажиллагааны тулгуур зарчим болгон хэвшүүлж, гишүүдийнхээ хууль ёсны эрх ашиг, сонирхлыг төлөөлөн, тэдний дуу хоолойг Монгол улсын уул уурхайн салбар дахь төрийн бодлогод тусгуулахыг чармайн, салбарын талаархи үнэн бодит мэдлэгийг нийгэмд түгээж, гишүүддээ чиглэсэн үр нөлөөтэй үйлчилгээ үзүүлж, улмаар нийгмийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах нь МУУҮА-ийн эрхэм зорилго болно.
Үйл ажиллагааны зарчмууд:
Олон нийт талуудын оролцоог тэгш хангах
Байгаль орчин, хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх
Ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах
Хүмүүнлэг ёс зүйтэй байх
Хуулийг дээдлэн сахих
Ил тод, нээлттэй байх
Олон улсын дэвшилтэт мэдлэг, туршлагад тулгуурлах
Үр өгөөжтэй байх
1994