
Indeed компанийн шинэ тайланд дурдсанаар, АНУ-д байрлалтай ажлын зар сурталчилгаанд хилийн чанадаас сонирхож орж үзсэн хүмүүсийн тоо 29 хувиар буурсан байна. Энэ үзүүлэлт нь АНУ-д ажиллах сонирхолтой гадаадын иргэдийн тоо мэдэгдэхүйц буурч байгааг илтгэж буй юм.
2023 оны наймдугаар сард АНУ-д ажлын байр сонирхож буй иргэд 2.4 хувьд буюу дээд цэгтээ хүрч энэ хэвэндээ тогтвортой байсан ч сонгуулийн дараагаар 2025 оны гуравдугаар сар гэхэд энэ тоо 1.7 хувь болж огцом буурчээ.
Тайланд онцолсноор, энэ бууралт нь олон улсын хэмжээнд цагаачлалын бодлого чангарч, АНУ-д хөдөлмөрийн зах зээл саарч байгаатай холбоотой ба АНУ-ын эдийн засагт сөрөг үр дагавартай байх магадлалтай. Ялангуяа эрүүл мэнд, барилгын салбарууд гадны ажилчдад ихээр түшиглэдэг тул энэ салбаруудад илүү нөлөөтэй гэж Indeed тайлбарлажээ.
2025 оны гуравдугаар сарын байдлаар АНУ-ын нийт ажил эрхлэгчдийн ойролцоогоор 20 хувь нь гадаадад төрсөн хүмүүс байгаа нь 2020 оны зургаадугаар сарын 16.7 хувьтай харьцуулахад мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт юм. Энэхүү өсөлт нь цагаачдын хөдөлмөрийн зах зээлд гүйцэтгэж буй чухал үүргийг харуулж байна.
Ирээдүйд үзүүлэх урт хугацааны нөлөө одоогоор тодорхойгүй байгаа ч, гадаадын ажил хайгчдын сонирхол буурч буй нь АНУ-ын хөдөлмөрийн зах зээл, бүтээмж болон эдийн засгийн өсөлтөд нөлөөлж болзошгүй гэж Indeed анхаарууллаа. Үүний үр дүнд зарим салбарын ажиллах хүчний хомсдол улам даамжирч, инфляци нэмэгдэх эрсдэлтэй юм.
Тухайлбал, АНУ-ын ажиллах хүчний 20 хувийг гадны иргэд бүрдүүлдэг бол барилгын салбарт энэ үзүүлэлт 30 хувь, эмч, мэс засалчдын дунд 26 хувь, асрагчдын дунд 40 хувь байдаг. Цагаачлалын бодлого чангарахын хэрээр АНУ-ын ажил олгогчид ажиллах хүчний дутагдлыг нөхөх гарц хайж, эрх зүйн асуудлаар мэргэшсэн хуульчдаас тусламж хүсч байна. Тэдний хэлж буйгаар, Трампын засаг захиргааны цагаачлалын бодлогын өөрчлөлтүүд нь тодорхой бус, ойлгомжгүй зохицуулалттай байгаа нь хүний нөөцийнхөн гадаад иргэдийг ажилд авахад сөргөөр нөлөөлж болзошгүй байна.
Хэдийгээр энэ жил хөдөлмөрийн зах зээл харьцангуй жигд байсан ч, 2025 онд ажил горилогч хайх, чадварлаг мэргэжилтнүүд олдохгүй байх зэрэг асуудлууд цагаачлалын бодлогоос шалтгаалан улам хурцдаж болзошгүй байна. Шинжээчдийн үзэж буйгаар, цагаачлал буурах нь технологи, эрүүл мэнд зэрэг салбаруудад эдийн засгийн агшилт үүсгэх магадлалтай болжээ.