
Хиймэл оюун ухааны нөлөөгөөр хөдөлмөрийн зах зээл өөрчлөгдөж буй энэ үед ажил олгогчид тухайн ажилтны мэргэжлийн ур чадвар болон хандлага аль алиныг нь анхааран ажилд авч буй талаар шинэ тайланд дурджээ. TestGorilla компанийн 6-р сарын 9-ний тайланд дурдсанаар, ажилд авах үйл явцад ажил олгогчдын 60% нь soft skill буюу тухайн ажилтны хандлагад илүү анхаарч буй нь “энэ ур чадвар таван жилийн өмнөхтэй харьцуулахад илүү чухал болсон” гэжээ.
Ажил олгогчдын 70-аас илүү хувь нь “тодорхой ур чадвар, хувийн зан чанар, байгууллагын соёлд нийцэх байдал”-ыг үнэлэх нь илүү сайн үр дүнд хүргэдэг гэж үзсэн байна. Мөн 78% нь “сайн мэргэжлийн ур чадвартай ч, байгууллагын соёлд тохирохгүй хүн ажиллах явцдаа хангалтгүй байсан” гэх тохиолдолтой учирч байжээ. “Ажил олгогчид шүүмжлэлтэй сэтгэдэг, дасан зохицох чадвартай, хамтран ажиллах ур чадвартай хүмүүсийг хүсэж байна. Ажилд авах шилдэг стратеги нь тухайн хүний ур чадвар, үнэт зүйл, байгууллагын соёлд нийцэх чадвар гэх мэт бүх талаас нь харж, бодит өгөгдөлд тулгуурладаг болсон.” гэж TestGorilla компанийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Ваутер Дюрвилл мэдэгдэлдээ онцолжээ.
АНУ болон Их Британийн 1000 гаруй хүний нөөцийн мэргэжилтнүүдийн дунд хийсэн судалгаагаар, 85% нь ур чадварт суурилсан ажилд авах арга барил ашигладаг гэжээ. АНУ-ын ажил олгогчдын талаас илүү нь зарим ажлын байранд диплом шаардахаа больжээ. Ажил олгогчид мөн хиймэл оюун ухааныг нэвтрүүлснээр ур чадварын тэргүүлэх чиглэл өөрчлөгдөж байгааг онцолжээ. АНУ-ын ажил олгогчдын 70% нь ажилд авахдаа хиймэл оюун ухаан ашиглаж байгаа ба тэдгээрийн 92% нь энэ нь ажилд авах чанарыг сайжруулсан гэж хариулсан байна. Гэсэн ч олон ажил олгогчид шаардлагатай боловсон хүчнийг олоход хэцүү хэвээр байгааг илэрхийлж, 63% нь өнгөрсөн оноос хэцүү болсон гэж мэдэгджээ.
LinkedIn-ийн тайланд дурдсанаар, асуудал шийдэх, шийдвэр гаргах, харилцааны чадвартай ажилчид бусдаасаа түргэн тушаал дэвшдэг гэжээ. Энэ нь ажил горилогчдын хувьд ч, хүний нөөцийн мэргэжилтнүүдийн хувьд ч энэ хүрээнд анхаарал хандуулах хэрэгтэйг харуулж байна. LinkedIn Talent Blog-ийн мэдээлснээр, ирэх саруудад хиймэл оюун ухааны хэрэгслүүд ажилд авах үйл явцыг бүрэн өөрчилж, компаниуд болон ажил хайгчид бүгд хиймэл оюун ухаан ашиглах нь нэмэгдэх хандлагатай байна. Мөн дасан зохицох чадвар, шинэлэг сэтгэлгээ, олон нийтийн өмнө илтгэх чадвар, хэрэглэгчтэй харилцах, оролцогч талуудыг удирдах зэрэг харилцааны ур чадварууд давамгайлж буйг дурджээ.