
Payscale компани 6-р сарын 17-ны мэдээлэлдээ дурдсанаар, ажил эрхлэгчдийн 68 хувь нь тэдний цалин зах зээл дээрх дундаж түвшинтэй тэнцүү эсвэл түүнээс өндөр байсан ч өөрсдийгөө цалин багатай гэж үздэг аж. Өөрийгөө шударга цалин авдаггүй гэж боддог ажилчид шинэ ажил хайх магадлал нь 45 хувиар өндөр байдаг гэж тус тайланд дурджээ. Харин цалингийн ил тод байдлыг өндөр түвшинд баримталдаг байгууллагад ажиллаж буй хүмүүс ажлаасаа гарах магадлал 59 хувиар бага байна.
Цалингийн талаарх ташаа мэдээлэл, хангалтгүй харилцаа нь ажил олгогчдын итгэлцэл бий болгох оролдлогыг сулруулж байна. Энэ зөрүү нь өндөр гүйцэтгэлтэй ажилчдыг хадгалан үлдэхэд бодит аюул учруулж байгааг Payscale компанийн цалин хөлсний стратегич Рут Томас онцолжээ. Урьд өмнө байгаагүй олон ажилтан цалингийн ил тод байдлыг хангах хуулийн хамгаалалтад хамрагдаж байгаа ч хууль сахих нь ганцаараа хангалтгүй. Байгууллагууд мэдээлэлд суурилсан ил тод цалингийн стратегийг боловсруулж, цалингийн бодлого ямар үндэслэлтэйгээр тогтоодгийг ойлгуулах, ингэснээр ажилтнуудын дунд итгэлцэл, ойлголцлыг бий болгох шаардлагатай” хэмээн тэрээр нэмж хэлжээ.
2021 онд хийсэн судалгаатай харьцуулахад энэ ойлголтын зөрүү улам нэмэгдсэн байна. Тухайн үед зах зээлийн түвшинтэй тэнцүү эсвэл түүнээс өндөр цалин авдаг ажилчдын 51 хувь нь цалингаа хангалтгүй гэж үздэг байсан бол 2024 онд энэ хувь нэмэгджээ. Цалингийн ил тод байдал нэмэгдэж, нийт цалин өссөн хэдий ч буруу ойлголт улам ихэссэн байна. 325,000 гаруй хүнийг хамруулсан судалгаагаар, өөрийгөө шударга бус цалин авдаг гэж мэдүүлсэн хүмүүсийн 32 хувь нь үнэхээр зах зээлээс доогуур цалинтай байсан бол зах зээлийн түвшнээс дээш цалинтай хүмүүсийн 47 хувь нь ч бас өөрсдийгөө хангалтгүй цалинтай гэж бодож байжээ.
Ажил хайж буй хүмүүсийн дунд, 65 хувь нь өөрийн одоогийн цалинг сөргөөр үнэлсэн нь шударга цалингийн талаарх ойлголт нь ажилтныг хадгалах чухал хүчин зүйл болохыг харуулж байна. “Цалин шударга байсан ч олон ажилчид түүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь шударга цалингийн талаарх ойлголт маш ихээр субъектив шинжтэй байдаг” гэж Payscale компанийн хүний нөөцийн захирал Лекси Кларк тайлбарлажээ.
Ажилчид зөвхөн цалин хэрхэн тооцогдож байгааг ойлгохоос гадна, яаж илүү цалин авах, байгууллагын дотор хэрхэн өсөн дэвжих боломжтойг мэдэх ёстой. Энэ нь урт хугацааны тогтвортой байдлыг хангаж, шилдэг авьяастнуудыг алдахаас сэргийлнэ. Тус асуудал нь залуу ажилчдын дунд бүр ч илүү хүнд байж магадгүй. ZipRecruiter-ийн тайланд дурдсанаар, 2025 онд их сургууль төгсөх оюутнууд ажил хайх явцдаа ажлын байрны бодит байдал ба тэдний хүлээлт хооронд зөрүү их байгааг мэдэрч байна. Шинэ төгсөгчид жилд зургаан оронтой цалин авна гэж найдаж байсан ч дундаж эхний цалин ойролцоогоор 68,400 ам.доллар байгаа аж.